Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз малчны амьдрал, нүүдэлчин ахуй, уламжлалт соёлыг орчин цагийн залууст сурталчлан таниулахаар “Энэ цагийн илгээлтийн эзэд”реалити шоу нэвтрүүлгийг санаачлан бүтээжээ.
Нэвтрүүлгийн оролцогчид Хэнтий аймгийн Биндэр суманд 14 хоногийн туршид хавар цагийн бэрхшээлтэй нүүр тулж малчин айлын өдөр тутмын ажилд гар бие оролцсон байна.
Малчдын залуу халаа багасаж хүүхэд залуус нь хот суурин бараадах болсон энэ цагт орон нутагтаа дуртай зүйлээ хийн, эрүүл аюулгүй, эко орчинд мал маллан амьдрах бололцоо байгаа гэдгийг энэхүү шоу харуулахыг зорьжээ.
Дэлхийн сүүлчийн нүүдэлчин ард түмэн гэгдэж байгаа манай орны малчдын амьдрал тэр чигтээ тэсвэр хатуужил, үнэт соёлын өв юм. Энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэнгэр газар, мал ахуйтайгаа уялдаа холбоо бүхий малчин хүний давтагдашгүй соёлыг түгээн дэлгэрүүлэх нь өнөө цагийн бидний үүрэг.
Харин “Энэ цагийн илгээлтийн эзэд” реалити шоуны хувьд нүүдэлчин соёлыг дагасан үнэт өв уламжлал, ахуй соёлтой холбоотой даалгавар гүйцэтгэн өрсөлдөж жүжигчин Э.Лувсанцэрэн буюу Лууяа ялагчаар тодорсон бөгөөд түүнд Монголын Үндэсний Малчин телевизийн зүгээс монгол түмний таван эрдэнэ хэмээн бэлэгшээдэг таван хошуу малыг ашиг шимийг нь хүртэн явахыг ерөөж гардуулан өгчээ.
Нэвтрүүлэг гарсан цагаас эхлэн үзэгчдийн зүгээс өдрөөс өдөрт холдож байгаа монгол ахуйдаа өөрсдөө болон үр хүүхдээ ойртуулмаар байна хэрхэн оролцох вэ гэсэн хүсэлтүүд Малчин телевизэд их иржээ. Мөн аймаг сумдын удирдлагууд өөрийн нутаг орондоо хамтран зохион байгуулах талаар олон саналууд ирсэн гэнэ.