Барилгын салбарт өргөн хэрэглэж байсан асбестийг Засгийн газрын 2010 оны 192 тоот тогтоолоор хэрэглэхийг хориглосон хорт бодисын жагсаалтад оруулсан. Гэхдээ зайлшгүй хэрэглээнээс шалтгаалан Засгийн газрын 2011 оны 176 тоот тогтоолоор хязгаарлагдмал байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн байдаг юм. АШУҮИС-ийн НЭМС-ийн хийсэн судалгаагаар манай улсад асбестийг дулааны цахилгаан станц, төмөр зам, шинжилгээний лабораториуд дулаан тусгаарлагч, дулаалгын материалд өргөн хэрэглэж байна. 2012 оны байдлаар зөвхөн эрчим хүчний салбарт 32 аж ахуйн нэгжид 15 мянга гаруй хүн асбестийн нөлөөлөлд өртөж байгаа судалгаа бий.
Асбестийн нөлөөлөлд зөвхөн ашиглаж буй газрынхан төдийгүй асбестийн бохирдолтой нутаг дэвсгэрт оршин сууж буй хүмүүс, асбест агуулсан материалаар баригдсан орон сууцанд амьдарч буй иргэд өртөх эрсдэлтэй.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх \”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөвдэх хөтөлбөр”-т асбестийн сорьц цуглуулах, шинжлэх аргын болон зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг боловсруулж мөрдүүлэх талаар тодорхой асуудал тусгасан байдаг. Энэ дагуу Хөдөлмөрийн яамнаас санаачлан Монгол Улс асбестийн сорьц цуглуулах, шинжлэх болон ажлын байран дахь бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартгүй байсныг зохицуулж, олон улсад мөрдөж буй стандартыг орчуулан Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар батлуулснаар үндэсний гурван стандарттай болголоо.
Эдгээр стандарт батлагдсанаар ажилтнууд, оршин суугчдын эрүүл мэндийг асбестын хор нөлөөнөөс хамгаалах ажилд бодит хувь нэмэр оруулах, гадаад, дотоод орчин, ажлын байран дахь асбестийн бохирдолтод хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Мөн \”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015” стандартыг шинэчлэн батлуулж, үйлдвэрлэлд өдөр тутам хэрэглэж буй олон төрлийн хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинэчлэн тогтоож өгсөн нь ач холбогдолтой зүйл боллоо хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлж байна.