“ИХ-7” улсын төрийн тэргүүн нар ням гаригт цахим хэлбэрээр хуралдаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Уг хамтарсан мэдэгдэлд, Дэлхийн II дайнд нацист Германыг ялахад ЗХУ гол үүрэг гүйцэтгэсэн. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цэргийн хүчээр Украинд түрэмгийлсэн явдал нь агуу Орос улс болон Оросын ард түмний түүхэн золиосыг гутаан доромжилж байна гэжээ.
Мөн Кремлийн тэргүүн Украиныг эзлэн түрэмгийлж байгаа явдлаа неонацист үзлээр өдөөгдсөн үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг дайн гэж тунхаглаж байгаа явдлыг 1941 онд нацист Германы удирдагч Адольф Гитлер ЗХУ-д үндэслэлгүй довтолсонтой зүйрлэсэн байна.
Түүнчлэн “ИХ-7” улсын төрийн тэргүүн нар Оросын газрын тосны импортыг хориглож, эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдлаас үе шаттай ангижрах. Дэлхийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчдийг хямд үнээр эрчим хүч, шатахуунаар хангах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Харин АНУ дангаараа Оросын төрийн мэдлийн “Россия-1”, “РТР”, “НТВ” телевизийг хориглож, ОХУ болон Беларусийн 2600 гаруй хүнд визний хориг тогтоосон юм. Мөн Оросын хэд хэдэн олигархуудын эсрэг хориг тогтоосон байна. Үүнд, ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал Алекси Миллер, Андрей Акимов болон Оросын банкны секторын гуравны нэгийг бүрдүүлдэг “Сбербанк” болон “МИБ” банкны удирдах албан тушаалтнууд багтаж байгаа юм.
Үүнээс гадна, АНУ-ын банк, санхүү, аудитын байгууллагуудыг ОХУ-д мэргэжлийн нягтлан бодох, бүртгэл болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглосон байна.
Цагаан ордны зүгээс нэмэлт хориг арга хэмжээ нь ОХУ-ыг дэлхийн санхүү, эдийн засгийн тогтолцооноос системтэйгээр зайлуулах ажиллагааны үргэлжлэл. Мөн Путины түрэмгийлэл үргэлжилсээр байгаа тохиолдолд ОХУ-ын эдийн засагт аюулгүй орогнох газар хаана ч байхгүй гэх мессежийг тодорхой өгөх зорилготой гэх байр суурь илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters