Монгол Улсын хэмжээнд амьсгалын замын өвчлөл өндөр байгаа тухай эмч мэргэжилтнүүд ярьж байна. Хүмүүсийн дунд сүүлийн үед тархаж буй ханиад нь маш өндөр халуурдаг, зуурамтгай цэр ялгардаг тул бага насны хүүхэд амархан хатгалгаа болж байгаа тухай томуу, томуу төст өвчний мэргэшсэн эмч Д.Нарангэрэл хэллээ. Мөн тэрээр “Улирлын чанартай томууны өвчлөл буурах цаг болоогүй байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томууны нэгжийн гаргасан судалгаанаас харахад синцентиаль вирусийн тархалт өндөр байна. Энэ вирус маш өндөр халуурдаг, 0-5 насны хүүхэд хатгалгаа болж хүндэрдэг онцлогтой. Намар 9 дүгээр сараас эхлээд өвлийн 12 дугаар сар хүртэл үргэлжилдэг томууг бид өвлийн томуу гэж нэрлэдэг. Мөн цагаан сарын дараагаас 5 дугаар сарыг дуустал хаврын томуу үргэлжилдэг.
Одоо ид хаврын томууны тархалт үргэлжилж байна. Тиймээс бага насны хүүхдийг олон хүн цугларсан газраар авч явахгүй байх, ариун цэврийн дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Ер нь цар тахал намжлаа гээд тайвширч ариун цэврийн дэглэм мөрдөхгүй байж болохгүй. Манай ард түмэн удаан хугацаанд гэрийн хорионд байсан учраас одоо нийгмийн харилцаагаа сэргээж идэвхтэй болгож байна. Энэ нь томуу, вирусийн тархалт нэмэгдэх нэг шалтгаан боллоо. Олон улсын байгууллагын мэдээгээр цаашдаа ч олон төрлийн вирустэй хүн төрөлхтөн нүүр тулахаар байна” гэв.