Африк тивийн баруун болон төв хэсгээс гаралтай сармагчны цэцэг өвчний (monkeypox) вирус хүнд халдварласан ховор тохиолдлууд Европ тивийн орнуудад дараалан илрээд байна.
Испани улсад ийм халдварын 23 сэжигтэй тохиолдол илэрснийг өчигдөр тус улсын эрх баригчид зарлажээ. Тохиолдлууд бүгд нийслэл Мадрид хотоос илэрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Испанийн эрүүл мэндийн яам орон даяар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.
“Ерөнхийдөө сармагчны цэцэг өвчний вирус амьсгалын замаар дамждаг бол энэ 23 сэжигтэй тохиолдлын хувьд бэлгийн харьцааны үеэр салстаар дамжсан байна” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Сэжигтэй тохиолдлуудыг одоогоор гэр гэрт нь тусгаарлаад ажиглаж байгаа ба шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэх ажээ.
Испанийн хөрш Португал улсад сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдсан таван тохиолдол батлагдаж, 15 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн судалж эхэлсэн байна.
Тохиолдлууд нь бүгд эрэгтэйчүүд байгаа ба арьсан дээр нь юм туурах шинж илэрсэн гэнэ.
Үүнээс өмнөх бүх тохиолдлууд Их Британид анх илэрч байсан юм.
Одоогоор тус улсад долоон тохиолдол бүртгэгдээд байгаа ба тэдний дотор саяхан Нигери улсад зорчоод ирсэн нэг хүн байгаа ажээ.
Хамгийн сүүлд илэрсэн дөрвөн тохиолдол нь бүгд ижил хүйстэн эрэгтэйчүүд юм байна.
Африк тивийн сармагчин, харх зэрэг зэрлэг амьтадтай хэт ойр харьцсан тохиолдолд уг өвчний вирус хүнд халдварладаг гэнэ. Гэхдээ хүнээс хүнд халдварлах үзэгдэл ховорт тооцогддог байжээ.
Халдвар авсан хүмүүс сар хүрэхгүй хугацааны дотор бүрэн эдгэрдэг байна.
Их Британид илэрсэн долоон тохиолдол нь уг вирусийн илүү хөнгөн өвчлүүлдэг баруун Африкийн хувилбараар халдварласан байжээ.
Эх сурвалж: The Guardian