Улсын Ерөнхий Прокурорын (УЕПГ) газраас энэ сарын 16-20-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 34 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 316 даалгавар бичгээр өгчээ.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад зургаан шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Мөн мөрдөн байцаалтын 2,934 хэрэгт хяналт тавьж, 238 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142
- Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10
- Өмчлөх эрхийн эсрэг 76
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 10
- Авлигын гурав
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр
- Мөнгө угаах гурав
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.