Засгийн газрын хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим асуудлаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч банйа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Тоон гарын үсэг авснаар иргэд гэрээ хэлцэл, банкны зээлд тоон гарын үсгээ ашиглан заавал биеэр очихгүй байх боломж үүснэ. Тоон гарын үсэг авснаар тухайн иргэнд үндэсний цахим шуудан нь нээгдэнэ. Иргэд төрийн байгууллагад заавал өргөдөл бичдэг, биеэр очдог, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо төртэй цахим шуудангаараа шууд харилцах боломжтой. Мөн эргээд гаргасан санал хүсэлт, гомдол, өргөдлийнхөө хариуг цахимаар авах боломжтой юм. Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэдийнхээ тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсролд хувь нэмэр оруулна.
Манай улсын кибер аюулгүй байдлын түвшин эмзэг байгааг нуухгүй. Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд нэг нууц үгийн бүх платформд хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсол байхгүй байгаагийн шинж. Тиймээс Кибер аюулгүй байдлын хуулийн хүрээнд ХЗДХЯ-тай хамтран ажиллаж, иргэний хурууны хээг авсан газруудын датаг устгаж байна. Мөн Тагнуулын ерөнхий газартай хамтран халдлагаас хамгаалах төвийг байгуулсан. Ингэснээр иргэдийн мэдээллийг болон бусад кибер халдлагаас хамгаалах юм. Түүнчлэн иргэдийн мэдээллийг авдаг эмнэлэг, ББСБ, оператор компаниудын мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Төрийн албан хаагч иргэний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд мэдэгддэг үйлчилгээ е монголиад нэмэгдсэн” гэв.