Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хотод дахин хөл хорио тогтоогоод байгаа юм. Covid-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол энэ сарын 2-нд бүртгэгдсэн тул ийнхүү тодорхойгүй хугацаагаар халдвар хамгааллын дэглэмийг чангаруулаад байна. Улмаар Монголын импорт, экспортын сэргэх найдвар ч замхарч, хүнс бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “21 хоногийн хатуу хөл хорио тогтоож болзошгүй” гэдгийг хэллээ.
Тэрээр “Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Энэ шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан. Уг мэдэгдэл гарснаас хойш өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын 34 тохиолдол батлагдсан. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авсан. Мөн тус хотод тусгаарлах шаардлагатай иргэдийг ойр хотууд руу тусгаарлах арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл байна” гэв.