Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах \”Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч саяхныг хүртэл халаалт дулаангүй зутруухан амьдарч байжээ. Зайсангийн аманд байрлах уг хотхоныг таван жилийн өмнө ашиглалтад оруулахад л дулааны асуудлыг шийдээгүй байжээ. Жилийн дараа төвийн шугаманд холбоно хэмээн анх оршин суугчдаа оруулсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл холбоогүй. Оронд нь хоёр орон сууц халаах зориулалттай нам даралтын зуухаар тус хотхоны таван байрыг халааж байгаа нэрээр өнөөдрийг хүрчээ.
Хоёр жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл оршин суугчид хохирсоор байсан юм. Тиймээс оршин суугчид энэ талаараа Монгол Улсын Шадар сайдад гомдол гаргасны дагуу Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 тоот тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах \”Могул таун” орон сууцны цогцолборын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ хийх, шийдвэр гаргах үүрэг бүхий Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг байгуудлагдсан юм.
Уг ажлын хэсэг шуурхай хуралдаан зохион байгуулж, талуудтай уулзан асуудлыг шийдвэрлэхээр болсон.
Уг нь хувийн хэвшлийн байгууллагын барьсан дулааны шугам ЦТП-ээс дулааны төв холболт хийж болно гэсэн техникийн шийдлийг наймдугаар сард Эрчим хүчний яамнаас гаргасан юм байна. Гэвч хоёр компанийн 500 гаруй сая төгрөгийн өр, авлагаас болоод өдийг хүртэл орон сууцнуудад дулаан өгөөгүй байжээ.
Харин ажлын хэсэг шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хоёр байгууллага хоорондоо гэрээ хийж, оршин суугчдын зөвлөл нь өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан дулааны төлбөрийг төвийн дулаанд холбогдсон цагаас эхлэн ээлж дараатайгаар төлөх шийдэлд хүрсэн байна.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр \”Ажлын хэсэг хуралдаад \”Могул таун” болон дулааны шугамыг нь барьсан компани хоорондын гэрээг нь байгуулууллаа. СӨХ-г оруулж гурвалсан гэрээ байгуулсан. Дулаан хангамжийн төрийн байгууллагын зүгээс нарийн тооцоо судалгаа хийж, дулаан хангамжаа өгөхөөр боллоо” хэмээн мэдэгдлээ.
Таван жилийн турш сунжирч, 1200 гаруй иргэнийг чирэгдүүлсэн уг асуудалд төр анхаарлаа хандуулж ийнхүү яаралтай арга хэмжээ авснаар иргэд энэ өвөл дулаан өвөлжих нөхцөл бүрдлээ.