Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга болсон Оргихын Хангай Ховд нутагтаа аав, ээжийнхээ тарьсан тарвасыг нийслэлд авчирч худалддагийг бөх сонирхогчид хэдийнэ мэднэ.
Шинэ аварга О.Хангай энэ жил тарвасаа зарахгүй, тарвасаараа та бүхнийг дайлна гэжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жилийн тарвасаараа та бүхнийг дайлна аа, зарахгүй” хэмээгээд хүссэн хүнийг хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Шинэ аварга Хан-Уул дүүрэг дэх Говь компанийн үйлдвэрийн дэлгүүрийн гадаах талбайд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 14:00-18:00 цагт өөрөө үйлчилжээ. Талбайд олон хүн цугларсан бөгөөд Улсын аварга О.Хангай “Хүүхэд байхаасаа аавдаа тусалж тарвас тарьж эхэлсэн. Энэ жил тарвасаараа иргэдээ дайлъя гэж наадмын дараагаас л бодож эхэлсэн. Өнөөдөр төсөөлснөөс ч олон хүн ирсэн байна. Маш их баярлалаа. Хүссэн хүн бүртэй хамтдаа зургаа даруулна” гэж ярьжээ.