Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр бүлгийн даргын асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өчигдөр Монгол Улсад хууль байхгүй гэдгийг нотолсон үйл явдал боллоо. Эрх баригчид Үндсэн хуулийн дээгүүр яаж гишгэж байгаагаа ил тод харуулсан. Хууль дээдлэх зарчим булшлагдаж байгаа гэдэг үүднээс харамсалтай байна.
УИХ бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгож, чөлөөлөх асуудал юм.
Гэтэл зургаан гишүүн оролцоод бүлгийн дарга сонгосныг УИХ-ын дарга Г.Занданшатар баталгаажуулж, уншиж сонсгож байна. Нийт гишүүн гэдэг нь бүлгийн бүх гишүүнийг хэлэлцэх болохоос биш зургаан гишүүнийг хэлэхгүй. Энэ тохиолдлыг яагаад нийт гишүүн гэж үзэж байгааг асуумаар байна.
Ийм байдлаар АН-ын бүлэг, хууль дээдлэх зарчмаар тоглож байгаа нь харагдаж байна. Хууль зөрчиж гаргаж ирсэн бүлгийн даргадаа яаж Үндсэн хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиж чадаж байна вэ?
УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөөд огцрох хэмжээний асуудал гэж үзэж байна. Эрх баригчдын үг, үйлдэл зарчим нь яагаад дандаа зөрдөг юм бэ? Монголын ард түмэн санах ойтой бүгдийг мэдэж байгаа. Та нар улс төрийн тавцангаас бүхэлдээ арчигдаж магадгүй, нэг л өдөр улс төрийн хариуцлага бууна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад АН-ын тоглоомын бүлэг эрх баригчдад хэрэгтэй. Зориудаар тоглоомын бүлэг гаргаж ирээд дараа нь санал гаргах гэж байгаа. Тэр дүрд нь хамгийн сайн тоглож чадах хүн нь О.Цогтгэрэлийг гэж үзэж байгаа юм байна” гэв.