УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 20.1 дэх заалтын “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өгүүлбэрийг хүчингүй болгов.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн. Үүний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн, хуралдаанд ирсэн гишүүдийн 83.3 хувийн дэмжлэгтэйгээр батлагдсан байна.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Цэцийн тогтоолыг чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо Цэцийн тогтоолтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж заажээ.