БШУЯ‑наас багш нарын бичиг баримтад шалгалт хийсэн талаар мэдээлэв. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Энэ жилийн хувьд цэцэрлэгийн насны бүх хүүхдийг 100 хувь хамруулах шийдлээ танилцуулаад эхний элсэлтээ авсан. Үүний дүнд цоожтой хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхдээс 30 гаруй мянгынх нь асуудлыг шийдсэн. Одоо цэцэрлэгийн хоёр дахь бүртгэлийг зарлах гэж байна. Бидэнд ашиглагдаагүй 19 мянган цэцэрлэгийн хүүхдийн суудал бэлэн байна.
Нийгэмд нэг хүүхдэд ногдох талбайг багасгаад нэг ангид 50-60 хүүхэд чихээд байна гэдэг ойлголт байх шиг байна. Ийм зүйл байх юм бол аль дүүргийн, ямар цэцэрлэг вэ гэдгийг 11 11 төв болон БШУЯ-ны лавлах утсанд хэлж болно. Үүнийг бид шалгана.
Зарим сургуулийн нэгдүгээр ангиуд ачаалалтай байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжид орчих гээд байгаа 41 сургууль байгаагаас 17-18 нь нийслэлд байгаа. Эдгээр сургуулийг түрээсийн байранд хичээллүүлж байгаа”гэв.