Иргэн Б гэртээ харих замдаа дээрмийн гэмт хэргийн хохирогч болжээ. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 15-16-нд шилжих шөнө гарсан уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн, сэжигтнүүдийг баривчиллаа.
Тус хэлтсийн даргын тушаалаар томилогдсон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Мөнхтөрөөр ахлуулсан 16 дугаар хорооны \”Хамтарсан баг\”-ийн мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган сэжигтэй этгээдүүдийг илрүүлэн, баривчилж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Энэ гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй урд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан Т, Ө нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн тогтоогдоод байгаа аж.
Иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь халдах гэмт хэрэг гарч байна. Иймд иргэд та бүхэн шинэ жил болон аливаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.