ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр өглөө Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарласан билээ.
Ингэхдээ зөвхөн армийн бэлтгэл хүчийг буюу цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлах шийдвэр гаргасан юм. Путиний мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлж байв. ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаа нийт 300,000 бэлтгэл хүчийг дайчлах тухай Путиний мэдэгдлийн дараа мэдээлсэн юм.
Сөрөг хүчнийхэн, иргэний нийгмийн байгууллагууд Лхагва гарагийн орой цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.
Хүний эрхийн OVD-Info байгууллагын мэдээлснээр өчигдөр орой ОХУ-ын 38 хотод дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулагдах үеэр нийтдээ 1,332 хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Зөвхөн нийслэл Москва хотод хамгийн багадаа 50 хүн цагдаа нарт баривчлагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
ОХУ-ын дотоод хэргийн яам орон даяар “зөвшөөрөлгүй жагсаал цуглаан” зохион байгуулах оролдлогууд гарсныг таслан зогсоож чадсанаа мэдээлсэн байна.