Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяраас цаг үеийн мэдээллээр тодрууллаа.
Зарим сайтаар шаардлага хангахгүй чанаргүй цементийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглаж байна гэсэн мэдээлэл түгжээ. Энэ тухай тодруулбал?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Үндэсний үйлдвэрлэгчид буюу МАК ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Налгар түшиг ХХК, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн цементийг замын барилгын ажилд ашиглаж байна.
Цементийн нийлүүлэлт хэвийн байгаа юу?
-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээн байгуулалтад цементээ хэвийн нийлүүлж байгаа. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК аравдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн тул тэндээс хэрэгцээт цементээ татаж эхэлсэн.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт хэдэн км хатуу хучилттай болсон бэ?
–2022 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 204.11 км замын нэг урсгалын хоёр эгнээ 177 км нь асфальт бетон хучилттай болоод байна.