Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.
Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм.
Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.
Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна.
Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна.
2023 онд зөвхөн Яармагийн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа.
Гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлжээ.