Энэтхэг гаралтай залуу улс төрч Риши Сунак Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдлоо. Өдгөө 42 настай Риши Сунак Их Британийн Засгийн газрын тэргүүнд хоёр дахь удаагаа нэр дэвшиж ийнхүү ялалт байгууллаа хэмээн ВВС агентлаг дамжууллаа.
Тодруулбал эхний удаад тэрбээр энэ оны долоодугаар сард Борис Жонсон Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа түүнийг залгамжлах өрсөлдөөнд оролцсон боловч сонгогдож чадаагүй. Эрх баригч Консерватив намын гишүүд тухайн үед Лиз Трасст итгэл хүлээлгэсэн боловч тэрбээр Ерөнхий сайдаар 45 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр огцорсон.
Харин тэгвэл өнөөдөр Их Британийн эрх баригч Консерватив намын удирдагчийг тодруулах сунгаанаас Пенни Мордаунт нэрээ татаж буйгаа зарласнаар Сангийн сайд асан Риши Сунак тус улсын дараагийн Ерөнхий сайд болох мандатаа нам дотроо 100 хувийн дэмжлэгтэйгээр авлаа.
Эх сурвалж: ВВС