Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатарт холбогдох 4 сая ам.долларын авлигын хэргийг сэргээн шалгахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
ОХУ-ын иргэн, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг худалдан авах хэлэлцээр хийж байх үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорьж цагдаж, шахалт үзүүлэн, өдгөө тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа Т.Ганболдоос 2011 онд гурван удаагийн гүйлгээгээр 4 сая ам.долларыг дүү Б-гийн эзэмшдэг компанийн дансаар шилжүүлэн авсан хэргийг сэргээн шалгахаар болжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-ОХУ-ын иргэн П…, олны мэддэгээр Паушокт холбогдох хэрэг байгаа. Энэ хэргийн талаар бүгд мэднэ дээ. Монгол улсын иргэн Г нь ОХУ-ын иргэн П-тэй А компанийг худалдан авахаар хэлцэл хийж байх үед албан тушаалтан Д нь хувьдаа болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгон, ашиг хонжоо олох зорилгоор Г-д холбогдуулсан эрүүгийн хэрэгт нөлөөлж, 2011 онд гурван удаагийн үйлдлээр Б хэмээх дүүгийнхээ Голомт банкны дансаар нийт 4 сая ам.доллар авсан. Хэрэг нь хаагдсан байсан. Авлига авсан үйлдэл нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.
Банкны дансаар явсан мөнгө шүү дээ. Улсын ерөнхий прокурор байсан хүний дүүгийн дансаар орсон гэв.
Мөн, УЕП асан Д.Дорлигжавт холбогдох гомдол тусгай утсаар ирсэн талаар ХЗДХ-ийн сайд мэдээллээ. Тэрбээр энэ талаар “Тусгай дугаарт “Токио Инн” зочид буудлын эзэн, Япон улсын иргэнийг УЕП-оор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг нь дээрэмдэж авсан гэх гомдол ирснийг шалгаж байна” гэв.