Ковидын шинэ хувилбарын тархалт болон гэрээр хэрхэн эмчлэх зөвлөгөө мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.
Уг мэдээллээр “Ковид 19-ын цар тахлын 44 дахь долоо хоног дээр Монгол Улсын хэмжээнд 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа. Үүнийг өмнөх 43 дахь долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь өмнөх долоо хоногтой харьцуулахад мөн адил хоёр дахин нэмэгдсэн байна. “Ковид 19”-ын вирусийн хувилбарын 48 сорьцод хийсэн тандалтын шинжилгээний 37 сорьц буюу 77 хувьд нь Омикроны BA.5.2 гэх хувилбар илэрсэн. Харин үлдсэн хувилбаруудыг авч үзвэл BF.1 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүн дээр тус тус илэрсэн байна. BF.1 болон BQ.1.2 гэх хувилбарууд өмнө нь Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбар юм. Омикроны шинэ хувилбарын хувьд халдварлах чадвар маш өндөр учир иргэд урьдчилан сэргийлж амны хаалтаа хийх хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Шинэ илэрсэн хувилбарын эмнэлзүйн хувьд ковидтой адилхан байгаа бөгөөд хүнд илрэх шинж тэмдгийн хувьд нусгайрах, ядарч сульдах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинжүүд илэрнэ. Нас баралт болон хүндрэлийн хувьд ч адилхан байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын үед хэрэгжүүлж байсан эмчилгээ, оношилгоог хэрэглэхийг зөвлөсөн. Мөн вакциныг сэргээх болох нэмэлт тун хийсэн хүмүүсийн хувьд хүнд болох нэн хүндээр өвчлөхийг сэргийлж чадаж байгааг мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн ковидын эмчилгээг авч хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн эрчимт эмчилгээний тасагт зургаан хүн маш хүнд хэлбэртэй, зургаан хүн хүнд гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.