УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон байна. Бүлгээс уул уурхайн бүтээгдэхүүний гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэхэд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг он гарахаас өмнө батлахаар болсон аж.
УИХ- дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг он гарахаас өмнө баталж, нэгдүгээр сарын 1-ээс уг хуулиар уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдаалах бололцоог хангана.
Сүүлийн үед төрийн өмчит компаниудын “нүүрсний хулгай”-тай холбоотой асуудал олны анхааралд байна. УИХ, Засгийн газар үүнд анхаарч, түр хороо байгуулсан. Түр хорооны шалгалтын дүн хараахан гараагүй байгаа юм. Гарах үед нь танилцуулна. Цаашид бүлэг “нүүрсний хулгай” гэж байгаа бол илрүүлээд, таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэлд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана. Дорвитой үр дүн гаргана.
Уул уурхайн чиглэлийн төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд Засгийн газраас Төрийн өмчит компанийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барьж байна. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах юм.
Үргэлжлүүлэн сэтгүүлчид асуулт асуув.
-Дизель түлш олдохгүй, тасарсан гэж байна. Юунаас болсон бэ, хэзээ хэвийн болох вэ?
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: ОХУ-ын талаас дизель түлшийг бусад борлуулагчдаар дамжуулан зарахыг хориглосон шийдвэр гаргасан. Манай улс ОХУ-аас авдаг дизель түлшнийхээ 70 хувийг Роснефтиэс үлдсэнийг нь борлуулагчдаар дамжуулан авдаг юм байна. Тэгэхээр борлуулагчдаас худалдаж авах хэмжээ нь буурч байгаа юм. УУХҮЯ холбогдох арга хэмжээг авсан ч энэ сардаа тасалдах нөхцөл байдал үүссэн. Нийлүүлэлт болон тээвэрлэлт дээр ОХУ талаас анхаарч байгаа. Асуудал нь түр зуурынх.