Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ЦАР ТАХЛЫН ӨНГӨРСӨН ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛЫН ТӨР 62 ТЭРБУМААР СЕРВЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВААД ОГТ АШИГЛААГҮЙ.
Цахим хөгжил харилцаа холбооны яам үндэсний клауд дэд бүтцийг бий болгохоор шаргуу ажиллаж байна. Тэр ч утгаараа 2023 оны төсөвт манай яам нэг ч тоног төхөөрөмж, программ хангамжийн талаар тусгаагүй. Харин бид төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж иргэдийн амьдралыг илүү хялбарчлах чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ. Үүний нэг нь мэдээлэл технологийн цахим дэлгүүр буюу Mindgolia.mn юм.
Монголчууд бидний оюун санаа, мэдлэг ухаанаас бүтсэн энэ системийг бүтээсний үндэслэл нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын төр 62 тэрбумаар программ хангамж, тоног төхөөрөмж авчхаад огт ашиглаагүй байгаатай холбоотой. Гол шалтгаан нь программ хангамжаар худалдан авалт хийхдээ ажлын даалгавраа буруу зарладаг, давхардсан хөрөнгө оруулалт хийдэг, туршигдаж үр дүн нь гараагүй системүүд нэвтрүүлдгээс үүдэлтэй. Үүнээс болж тодорхой төсөл хөтөлбөрүүд амжилтгүй болсоор иржээ.
Иймээс бид салбар дундын уялдаа холбоог хангахын тулд программ хангамж, мэдээлэл технологийн онлайн дэлгүүр Mindgolia.mn -ийг нэвтрүүлж мэдээлэл солилцооны E-Mongolia-той холбоход бэлэн болоод байна. Mindgolia систем нэвтэрснээр худалдан авах ажиллагаатай уялдуулж цахим дэлгүүр (e-tender) -ийг интеграци хийж бүх төрлийн программ хангамжийг ерөнхий гэрээг худалдан авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Цахим шилжилт амьдралыг амар хялбар болгох ёстой. Төрийн бүх үйл ажиллагаа нэг учир бүгд нэгдэж ажиллах хэрэгтэй. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам цаашид төрийн хүнд суртлыг бууруулах салбар дундын уялдааг хангуулах, авлигын индексийг бууруулахад туслалцаа үзүүлнэ. Хүний оролцоогүйгээр цахим технологийн дэвшлээр хүний амьдралыг амар хялбар болгож төр хувийн хэвшлийн түншлэл дор оюун санаанд суурилсан нийгмийг бүтээн босгох нь бидний үүрэг” гэв.