Олонхийн бүлэг УИХ-ын чуулганы ирцээ бүрдүүлж чадахгүйн байгаагийн улмаас байнгын хороод хуралдаж чадахгүй байна хэмээн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдэгдлээ.
Тэрбээр “Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлмээр байна. Сүүлийн үед олонхийн бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүний улмаас байнгын хороод хуралдахгүй байна. Өнөөдөр улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Ийм үед МАН өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, УИХ-ын чуулгандаа оролцож, идэвхтэй ажиллахгүй байна вэ.
Ялангуяа Газрын багц хууль буюу амин чухал хуулийн төслийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд суулгадаг болго, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилд нь оруул” гэлээ.