УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ.
Тэрээр “Монголбанк УИХ-ын өмнө ажлаа тайлагнадаг байгууллага. НДС-тай холбоотой Монголбанкны асуудал байна. НДС нэг сая даатгуулагч иргэдийн мөнгө. Нийт 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгө. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрт, УИХ Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой гэж үзэж байна. НДС-гийн 104.2 тэрбум төгрөг Капитал банкинд байж байгаад дампуурчихсан. Энэ мөнгөнөөс 37 тэрбум төгрөг, 25 тэрбумын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Эндээс найман удаагийн дуудлага худалдаагаар 17 тэрбумын 51 хөрөнгө зарагдахгүй байгаа. Тэгсэн хэрнээ Монголбанкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдөө хурааж, захирлынхаа мэдэлд авч байна. Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байсан. Одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд “Замуулин виллаж” гэж хотхон байгаа. Алтны компани бариад өрөндөө Капитал банкинд хураалгасан. Эндээс гурван ширхэг амины орон сууцыг Монголбанк удирдлагуудынхаа мэдэлд хураагаад авчихсан байна. Монголбанкны хөрөнгөөр тэнд их засвар хийсэн байна. Тэр байранд нь тэргүүн дэд ерөнхийлөгч нь ороод амьдарч байна гэж иргэд мэдээлж байна. Гол хөрөнгийг нь Монголбанк завшаад авч болдог юм уу. Тиймээс үүнийг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна. Хуулийн байгууллага нуугдмал хөрөнгүүдийг ил болгох ажлыг хийж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хурааж авсан мөнгө, эд хөрөнгө иргэдийн мөнгө. Сангийн хөрөнгөд байгаа эд хөрөнгийг эрсдэлээс гаргах ёстой. Энэ бага хөрөнгө биш. Яагаад Монголбанкны эрх хүлээн авагчид дур зоргоороо завшиж, зарцуулдаг юм. Тиймээс энэ асуудал дээр УИХ-ын хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулж бид энэ мөнгөө олж авмаар байна” гэлээ.