Монгол Улсаас сүүлийн 10 жилд экспортолсон нүүрсний хэмжээ болон БНХАУ сүүлийн 10 жилд импортолсон нүүрсний хэмжээг жил жилээр нь тулгах шаардлага байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
2013-2019 онд нүүрсний хэмжээг тулгахад 385 мянган тонны зөрүү гарсан байна. Уг хэрэг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ хэмжээний нүүрсийг Эрдэнэс Тавантолгойн компанийн эзэмшлийн талбайгаас жижиг Тавантолгой компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй байна.
Харин эдгээр шалгагдаж буй хүмүүсийн нэрийг шууд тодотгож хэлэх боломжгүйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм. Тэрбээр “Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар бүгдээрээ хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ хүмүүсээс мэдээлэл аваарай. Бидний өгч буй мэдээлэл нь хуулийн хүрээнийх. Бид гэмт хэрэг шалгадаг хүмүүс биш шүү дээ” гэсэн юм.