Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр “Өчигдөр болсон зүйлийн талаар нуухгүй. Холбогдох мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагынхан надад өгсөн.
Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зүй ёсны асуудал. Өчигдөр тагнуул, цагдаагийн байгууллагынханд хэрхэвч хүч хэрэглэж болохгүй гэдэг даалгавар өгсөн. Тэдний хувьд ч жагсагчидтайгаа ойлголцож, сайн ажилласан. Иймэрхүү жагсаал, цуглааны орой үдэш, харанхуй болоод ирэхээр ашиглах гэсэн, бусдын эд материал руу халдах гэсэн асуудал гардаг.
Долдугаар сарын 1-н шиг эмгэнэлтэй байдлыг давтахгүйн тулд хариуцлагатай хандах ёстой. Залуучуудын органик жагсаалыг согтуу хүн авч ирээд, дундаас нь үймүүлэх асуудал гардаг. Энэ мэт жагсаалыг үймүүлэх гэсэн асуудал өчигдөр хэд хэдэн субъект дээр гарсан.
Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн бүх ажилчдын хаяг руу “ажил хаялт зарлаад жагсаалд оч” гэсэн мэйл явуулсан асуудал гарсан. Төрийн өмчит компани тэр дундаа онцгой дэглэм тогтоосон үед шүү дээ. Үүнийг би хууль бус гэж үзнэ. Зарим нэг буудлуудад мөнгө тараасан асуудал гарсан. Үүнийг нягтлах ёстой. Ийм байж болохгүй.
Тэр хүмүүс нүүрсний хулгайн эсрэг жагсаж болно. Нийслэлээс зөвшөөрлөө аваад жагсаж болно. Гэтэл яагаад заавал залуучуудаар нүүр хийх гээд байгаа юм бэ? Тийм их хүний өөдөөс харах нүүртэй юм бол гарч ирээд үгээ хэл” гэв.