Тээврийн прокурорын газраас долоон автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн Маралмаад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, М нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн ослыг гаргасан.
Түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн заалт:
27.10 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Өмнө нь уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.