АТГ-ын удирдлагууд Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэй нүүрсний хууль бус бизнестэй холбогдсон 17 өндөр албан тушаалтны нэрсийг өчигдөр /2022.12.13/ зарласан.
Уг 17 улс төрч, албан тушаалтнуудын дунд Зам тээврийн хөгжлийн сайд асан Дангаагийн Ганбат нэр байсан ч тэрбээр өөрийн цахим хуудастаа үүнийг үгүйсгэжээ.
Тэрбээр, “17 “нүүрсний хулгайч” нар эхнээсээ мэдэгдэл хийгээд байна. Найз нөхөд минь намайг хэрэв буруугүй бол адилхан мэдэгдэл хийгээч гэж миний өмнөөс санаа зовж байна. Төрийн өндөр алба хашиж байсан хүний нэр энэ удаа хэрэг болсон юм байлгүй.
Техник импорт ХК, Зоос трейд ХК-ийн эзэн нь надтай нэр ижил УИХ-ын гишүүн юм гэнэ. /УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Ганбат/ Ингэж алд дэлэм “зориуд” андуурч болохгүй байх. Ядаж нэг удаа асууж тодруулж болдоггүй юм байх даа хэмээн бичжээ.
Харин өчигдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ “Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ганбат” гэж тодорхой хэлсэн бөгөөд “Техник импорт” болон “Зоос трейд” компанийн талаар огт дурдаагүй юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч Дангаа овогтой Ганбат нь хэргийг өөрөөсөө зайлуулж, уншигчдын төөрөгдүүлэх гэж оролдсон гэж үзэж болохоор байна.