Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн их холбоотой хүн өчигдөр Монгол Улсын хилээр гараад явжээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдлээ.
Тэрбээр “Өчигдөр нүүрсний хулгайд хамгийн их хамаатай хүн хил гараад явчихлаа. Хэд хэдэн эх сурвалжаас асуулаа, үнэн байна. Энэ тухай хуульч нартай зөвлөлдлөө, хил гарч явах хуулийн үндэслэл байхгүй байна. Нүүрсний хулгайн оффтейк гэрээтэй холбоотой шийдвэрийг шахаж гаргуулж байсан ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга яг л Ч.Сайханбилэг шиг гараад явчихлаа. Чоно борооноор гэдэг шиг. Үүнтэй холбогдуулан хариуцлага тооцох хэрэгтэй.
Энэ Лхагва гарагт нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тухайлбал энэ үеэрээ Х.Баттулга гэдэг хүнээс тайлбар, мэдүүлгийг нь авья.
Нээлттэй хэлэлцүүлэгт ЭТТ-н хуучин удирдлага Б.Ганхуяг, АТГ-аас нэрлэсэн УИХ-ын таван гишүүний яриаг сонсож, мэдүүлэх авахаар төлөвлөж байсан. Гэтэл эхнээсээ зугтааж байна. Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэсэн. Төмөр өргөөд хэр баргийн өвчин тусахааргүй Ерөнхийлөгч гэж имижээ бүрдүүлсэн. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар гэдэгт би эргэлзэж байна” гэв.