Түүнийг нас барахаас хоёр хоногийн өмнө аялалд хамт явж байсан найз нь нас барсан байна.
Павел Антов Москвагийн зүүн хэсэгт орших Владимир хотод алдартай нэгэн бөгөөд Энэтхэгийн зочид буудалд төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.
Орос Украйн руу довтолж эхэлснээс хойш дайныг илт шүүмжилсэн Оросын магнатууд учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол бүртгэгдсээр буй.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 65 настай ноён Антовыг ням гарагт Энэтхэгийн Раягада хотын зочид буудлын цонхноос унасан хэмээн мэдээлжээ.
Одиша хотын цагдаагийн ахлах ажилтан Вивекананда Шарма “Ноён Павел Антовын найз Буданов баасан гарагт зочид буудалдаа нас барсан. Энэ мэдээ түүнд хүнд цохилт болж, сэтгэлээр унасан” гэжээ. Колката дахь Оросын консул Алексей Идамкин ТАСС агентлагт “Эдгээр эмгэнэлт үйл явдлын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байна” хэмээв.
Будановыг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх магадлалтай хэмээн аяллын хөтөч болох Житендра Сингх ярьсан байна.
Павел Антов “Владимир Стандарт” мах боловсруулах үйлдвэрийг үүсгэн байгуулсан бөгөөд 2019 онд Форбс сэтгүүл түүний хөрөнгийг ойролцоогоор 140 сая доллар (118 сая фунт стерлинг) гэж үнэлж, Оросын хууль тогтоогчид болон төрийн албан хаагчдын баячуудын жагсаалтыг тэргүүлжээ.
Тэрээр Владимир хотын хууль тогтоогчдын хуралд чухал үүрэг гүйцэтгэж, хөдөө аж ахуйн бодлого, экологийн хороог толгойлж байв. Павел Антов дайныг шүүмжилсэн агуулгатай бичвэрийг хувийн WhatsApp хаягаараа нийтэлсэн ч удалгүй устгаж байв. Гэхдээ эл мэдэгдлээ дараа нь үгүйсгэж, алдаа гарсан талаар тайлбарлаж байжээ.
Дайн эхэлснээс хойш Оросын нэр алдартай хэд хэдэн магнат учир битүүлгээр нас баржээ.
Эх сурвалж: BBC