Шүүх, прокурорын байгууллагаас хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийг хууль зөрчин шууд хорих болсон талаар олон нийт шүүмжилж буй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж буй аж. Үүгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийж буй тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр “Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг бид хаврын чуулганаар бий болгохоор зорьж байна. Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн цагдан хоригдож байна. Энэ тоог цөөлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөө батлуулж, энэ оны хоёрдугаар хагасаас мөрдөж эхлэх боломжтой.
Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түшиглэн техник, программ хангамжийн бүх шийдлээ гаргасан. Өнөөдөр улсын хэмжээнд 1400 гаруй хүн цахим бугуйвчтай ажил хөдөлмөрөө эрхлэх, сурч боловсрох эрхээ эдлээд нөгөө талаасаа шүүхийн шийдвэрээр оногдуулсан төрийн ял шийтгэлийг технологийн хөгжилтэй нийцүүлэн эдэлж байна. Цаашид цагдан хорих асуудлыг маш бага түвшинд аваачихын тулд ХЗДХЯ ийм хуулийн төсөл өргөн барьж байна” гэлээ.