Ливаны иргэд зуны цагийн хуваарьд шилжиж, цаг урагшлуулахтай холбоотой шашин хоорондын маргаанаас болж хоёр өөр цагийн бүсэд сэрсэн байна.
Ливаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, суннит шашинтай Нажиб Микати исламын шашинтнуудын мацаг барилтыг эрт завсарлуулахын тулд Рамадан сарын сүүлчээр зуны цагийн хуваарьд шилжих шийдвэрийг гаргажээ.
Исламын ариун Рамадан сар 3-р сарын 22-ноос 4-р сарын 21-ний хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор цаг урагшлуулах өдрийг 4-р сарын 20-ны шөнө дунд хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин Христийн шашинтнууд засгийн газрынхаа энэ шийдвэрийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, олон жилийн тогтсон жишгээр гуравдугаар сарын сүүлчийн ням гарагт цагаа урагшлуулсан байна. Үүнээс болж иргэд хоёр өөр цагийн алийг нь мөрдөхөө мэдэхгүй төөрөгдөлд оржээ.
Ливаны хэд хэдэн томоохон байгууллага болон LBCI, MTV телевизүүд ням гарагт урагшлуулсан цагийг мөрдөхөө мэдэгдсэн байна. Харин Ливаны “East Airlines” компани цаг болон бусад төхөөрөмжийг өвлийн цагийн хуваариар хэвээр үлдээж харин олон улсын нислэгийг алдагдуулахгүйн тулд нислэгийн цагийг тохируулна гэжээ.
1970-аад оны сүүлчээр эхэлж 1980-аад онд өрнөсөн Ливаны христ болон лалын шашинтнуудын хоорондох дайн өнөөг хүртэл тус улсад шашин хоорондын улс төрийн хагарал үүсгэсэн хэвээр байна.