Өчигдөр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тус улсын гол дайсан хэн болсныг зарлажээ.
“Тэд бидний өрсөлдөгчид мөн. Харин өнөөдөр шулуухан хэлэхэд тэд бидний дайсан болоод байна. Америкийн Нэгдсэн Улс бол бидний дайсан” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүний албан тушаалыг хашдаг тэрбээр “Тэд бидэнд аль болох их хохирол учруулж, хагалан бутаргаж, Европыг хөдөлгөлгүй барьж байх бүх муу аргыг хэрэглэж байна. Учир нь зарим удирдагчид төрийн эрхийг авмагцаа НАТО-оос гарах, гишүүнчлэлээ түдгэлзүүлэх зэрэг бусад ухаалаг алхам хийж болзошгүй тул тэд ингэж ажилладаг юм” гэж хэлжээ.
Ингэхдээ тэр Вашингтоны эрх баригчдын гарт орсон Европын удирдагчдыг шүүмжилсэн юм.
“Миний ойлгохгүй байгаа зүйл бол европчуудын эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа Европын удирдагчдын байр суурь юм. Тэдний бүх шийдвэр тодорхой улс төрийн бүлэглэлүүд буюу АНУ-д л ашигтай байгаа. Тэд татвар төлөгчдийнхөө мөнгийг Америкийн саалийн үнээ болгосон тул олон улсын эрх зүйн бие даасан субъект байхаа нэгэнт больсон. Үүнийгээ тэд үзэл суртлын шалтгаанаар биш, харин тэнэглэл, хулчгар зангийн үүднээс хийж байна” гэж Медведев ярьжээ.
Эх сурвалж: ТАСС