Зодуулж хүнд гэмтэл авсны улмаас ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан гурван настай хүү дараагийн шатны эмчилгээ хийлгэхээр гуравдугаар сарын 31-ний өдөр Турк улсыг зорьсон.
Хүү дөрөвдүгээр сарын 1-нд тархины мэс засалд орсон бөгөөд мэс засал амжилттай болсон талаар аав нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхийн сацуу эмчилгээний зардалд тус нэмэр болсон Монголын ард түмэндээ талархаж буйгаа илэрхийлэв.
Мэс заслын дараа хүүд урт хугацааны эмчилгээ шаардлагатай учир сайхан сэтгэлт хүмүүсийг хандивын гараа сунгахыг хүссэн юм.
Хүүг аав М.Цогтбаатар нь ээж болон ахын хамт авч явжээ. Гуравдугаар сарын 6-ны өдөр зодуулж, хүнд гэмтэл авч ухаангүй болсон хүүг 8-ны өдөр эмнэлэгт хүргэсэн хэмээн гэр бүлийнхэн нь мэдэгдсэн.
Ухаангүй, амьсалын аппараттай байсан хүүд Гэмтлийн эмнэлэгт тасралтгүй эмчилгээ хийснээр ухаан орж, аавыгаа таньж, орчинтойгоо харьцаж амин үзүүлэлтүүд нь сэргэсэн үед эмчлэгч эмч нь сувилагчийн хамт хамт явж, Турк улсын эмнэлэгт хүргэх хүртэл эрүүл мэндийг нь хянаж байжээ.