УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1,072 хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хөндөв.
Түүний асуултад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна.
Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна” хэмээв.