Японы мэргэжлийн сүмогийн хүчирхэг бөхчүүдийн нэг Ичиножо А.Ичинноров зодог тайлахаар болжээ. Тэрбээр өнөөдөр/2023.05.04/ зодог тайлах тухайгаа сүмогийн холбоонд мэдэгдэх гэнэ. Өдгөө 30 настай, Архангай аймгаас гаралтай түүний хувьд дээд макүүчи зиндаанд нэг удаа, жүрёо зиндаанд хоёр удаа түрүүлж, сэкивэкэ цол хүртэл дэвшиж байв.
Ичиножо А.Ичинноров энэ оны хоёрдугаар сард нурууны дурангийн хагалгаанд орж, гуравдугаар сарын башёд зодоглож, жүрёо зиндаанд түрүүлснээр дээд зиндаанд эргэн ирэхээр болсон. Харамсалтай нь, архаг нурууны өвчин нь бэлтгэл сургуулилалт хийх боломжгүй болгон эцэст нь дээрх шийдвэрийг гаргажээ.
2021 оны есдүгээр сард Японы иргэншилтэй болсон Ичиножо сүмод багш, дасгалжуулагч хийх хүсэлгүй байгаа бөгөөд Монгол буцах эсэх нь тодорхойгүй байна гэжээ.
2010 онд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хамтаар Япон улсад ирж байсан тэрбээр Тоттори Жохокү ахлах сургуульд суралцаж, сүмод хөл тавив. Ахлах сургуулиа төгссөний дараа Минато дэвжээнд харьяалагдаж, өдийг хүртэл сүмод үнэнч барилджээ.