Хаврын цас бороотой үед чийгнээс болгоомжилж тамир тэнхээ нэмдэг хоол хүнсний нэгэн төрөл бол хярамцагтай шөл. Намрын сүүл өвлийн эхээр идэш хийхдээ үхрийн цусыг авч хөлдөөчихөж байгаад даавуун уутанд уутлаад гэр саравчин дээр тараасхийж тавиад уриар хатаачихдаг. Сарлаг үхрийн цус бол бүүр ч сайн. Даралт багасдаг, гар хөл нь дулаацаж өгдөггүй хүмүүс гэж бий.
Халуун зун ч гэлээ гар хөл нь хүйтэн явж байдаг цонхигор царай зүстэй хүн бол хярамцагтай хоолыг идэж байх хэрэгтэй. Судас цусны хөдөлгөөнд нөлөөлж байна гэсэн үг. Элэг, бөөр, зүрхэнд судсаар дамжаад идэвтэй тэжээл өгдөг гэж үзжээ.
Жаахан хүүхдэд багаас нь хярамцагтай хоол өгөөд сургачихвал машид сайн. Хүүхэд өлчир чийрэг хүдэр бадар өсөж торниход хоолоор тамир тэнхээ нэмдэг хүчин зүйл бол цус, тэр тусмаа хярамцаг. Хүүхэд бүр нэхэж идээд байхыг яана. Хүүхэд угаасаа цус зайдсанд их дуртай. “Зайдас” гэдэг чинь угтаа бол өлөн гэдсэнд цутгаж чанасан цусыг л хэлдэг юм шүү дээ.! Одоо тэгтэл сосийсог гэж нарийн нухаш ба хиамны нэг төрлийг тийн нэрлээд байх болчихсон юм билээ. Андуурцгаах вий.! Жинхэнэ зайдас нь малын дотор гэдэс хоолны нэгэн төрөл цутгасан цусыг хэлнэм.
Хярамцагтай шөл өөхтэй байх тусмаа амттай сайхан. Хярамцагтай хоол нь төмрийн агууламж ихтэй учир суурин иргэншилтэй мах бага иддэг хүнд бол машид ач тустай. Хамгийн гол нь даавуун уутанд хийгээд борц шиг уринд өгч хатаасан болохоор байгалийн цэвэр салхи агаараас хоол хүнсээр дамжиж хүртэж болох хүний биед хэрэгтэй машид их зүйлс шингэсэн байдаг. Хатаасан цусыг дангаар нь хоол хийхгүй ч гурилтай шөлөнд хийгээд идэхэд бас л мөн ч сайхан даа. Борцтой гурилтай хярамцагтай шөлтэй хоолыг бол араанаас салгахын аргаггүй дээ.. Монгол уламжлалт хоол тэжээлийн соёл бол байгаль цаг улирал бүрдээ тус тусын ач холбогдолтой. Түүндээ таарч зохирох гэж жигтэйхэн сэн. Монгол оронд л амьдарч буй бол Монгол үндэснийхээ хүнс хоолыг л уламжлалаар хүртэж зооглох учиртай…
Хумбагарын БАТМЭНД