Авлигатай Тэмцэх Газраас боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Боловсролын зээлийн сангийн асуудал өнгөрсөн өдрүүдэд олны анхаарал татлаа. Уг зээлийн сантай холбоотой шалгалт хийгдэж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хариуллаа.
Тэрбээр “АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын Зээлийн Санд орж, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар нэлээн хэдэн зөрчил илэрсэн.
Тодруулбал, БЗС-гийн сангийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадаггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, хууль зөрчиж өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг.
БЗС-гийн сангийн албан тушаалтан нь өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй албан бичгийг холбогдох бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг.
Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй. Жишээлбэл, 2011 оноос хуулиар суралцагчийн сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, зээлийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ журам гаргахаар хуульчилсан боловч боловсролын асуудал эрхэлсэн сайд нар зөрчиж, зээл чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргадаг байсан.
Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлдэггүй.
Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг.
Захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсан хугацаандаа ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг.
Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг.
БЗС-гаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэх ирсэн байхад америк доллароор тооцоод шилжүүлдэг байна.
Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.