Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.
Шуурхай хурлаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хүүхдийн эргэлт үзлэг, резидент эмч нарын ажлын явц, утасны зөвлөгөө болон хүүхдийн орны хуваарилалт, долоо хоног бүр хийгдэж буй дэмжлэгт хяналтыг талаар мэдээлэл өгсний зэрэгцээ ТТТӨ-ний үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, 0-5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг танилцуулсан.
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар, амбулаторийн 98985 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулсан. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.