Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 4-р хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын төлөөлөгч нар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Газрын албаны дарга М.Давааням, холбогдох албан хаагчид оролцлоо.
Хуралдаан 90,47%-ийн ирцтэйгээр дүүргийн Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр хийх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай гэсэн үндсэн 2 асуудлын хүрээнд хуралдлаа. Хэлэлцсэн асуудлыг өмнө нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодоор хэлэлцүүлэн, гаргасан санал дүгнэлтийг хуралдаанаар танилцуулав.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй хуралдааны үеэр Монгол Улс шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг угтан Ардын Их Хурлын депутат Б.Осор, Д.Найдан, Ч.Бавуудорж нарт хүндэтгэл үзүүлэн \”Дурсамж\”, дурсгалын зүйл гардуулав.
Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр хийх ажилд нэмэлтээр 2-р хорооны Нарлагийн хэсэгт худаг барих, 6-р хорооны Болорын хэсэгт худаг барих, Гэрэлтүүлгийн Лед толгой, СИП кабель, гэрэлтүүлгийн ерөнхий самбар худалдан авах, дүүрэгт цэнгэлдэх хүрээлэн барих зураг төслийн ажил хийх, Хог тээврийн автомашины мотор худалдан авах гэсэн 5 чиглэлээр нийт 187,558,261 төгрөгийн нэмэлт өөрчлөлт оруулсныг хэлэлцэн баталсан.
Хот байгуулалт, газар зохион байгуулалт, газар өмчлөл, газрын кадастр, газрын татвар, төлбөр, үнэлгээ, мэдээлэл технологи гэсэн 5 үндсэн чиглэлээр дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаас баталсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, холбогдох мэргэжилтэн, албан хаагчдад даалгалаа.