Өчигдөр ОХУ-ын төрийн Думын нэгдсэн чуулганаар Оросын зэвсэгт хүчний алдрыг тэмдэглэх ойн өдрүүдийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж дэмжжээ.
Ингэснээр дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр гэгдэж байсан есдүгээр сарын 3-ны өдрийг “милитарист Японыг ялж, дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ нь Украины дайнтай холбоотойгоор Япон улс ОХУ-ын эсрэг Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдэж, дайсагнасан үйлдэл гаргах болсны хариу шийтгэл болохыг хуулийн санаачлагчид тайлбарлажээ.
“Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Токиогийн эрх баригчид Өрнөдийн орнуудтай хамтран манай улсын эсрэг хоёр орны орчин үеийн түүхэнд байгаагүй найрсаг бус кампанит ажлыг эхлүүлсэн билээ” гэж хуулийг санаачлагчид тайлбартаа онцолсон байна.
Хуулийн шинэчлэлтийг өнгөрсөн оны зургаадугаар сард Думын хэсэг гишүүн санаачилж байжээ.
Эх сурвалж: ТАСС