Ховд аймагт өчигдөр уулархаг нутгаараа богино хугацаанд хүчтэй аадар бороо орсны улмаас Ховд-Өлгий чиглэлийн авто замын зорчих хэсэгт буюу Шургын гүүр орчимд дөрвөн газарт ус зам давсан байна.
Мөн улсын чанартай авто замын А14 дугаартай Булган улсын хил чиглэл, Хавчигийн хавцалд дөрвөн газарт үер буусны улмаас уулын чулуу бууж, автомашин урсаж зам хаагджээ. Үерт өртсөн зорчигч нарт анхны тусламж үзүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Ховд аймгийн Жаргалант сумаас Манхан, Мөст, Алтай, Үенч Булган чиглэл, Мөнххайрхан, Дуут сум чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хяналтын пост гарган ажиллаж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.
ОБЕГ-аас мэдээлснээр наймдугаар сарын 2-нд буюу өчигдөр Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын нутагт суудлын машинтай иргэд үерийн усанд урсаж, хоёр иргэн амиа алджээ.