Үерийн эрсдэлтэй нөхцөлд 3000 гаруй айл байгаа тул зайлшгүй нүүлгэн шилжүүлэлт хийнэ гэж Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Тэрээр “Улаанбаатар хот бол дөрвөн уулын голд байрладаг. Хотыг тойрсон уулууд бүгд амтай. Ам болгоноос үерийн ус их хэмжээгээр орж ирэх эрсдэлтэй тул хэзээ ч үер болох эрсдэл байна. Саяхан Дарь-Эхэд болсон үертэй адил эрсдэл үүсэхээр байгаа юм. Иймд үерийн эрсдэлд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил эхэлсэн” гэлээ.
Мөн энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээлэхдээ “Үерийн нөлөөнд өртөж, урсаж болзошгүй газрын судалгааг нарийвчлан гаргасан. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан байршлыг нь тодорхойлоод байна. Энэхүү газарт эхний ээлжинд 2397 айлыг нүүлгэн шилжүүлнэ. Иргэдэд үерт урсах эрсдэлтэй газар гэж мэдэгдэл хүргэдэг ч иргэд урдаас ураад шиддэг. Бид эрхээ эдэлж байна гэж ярьдаг ч үүргээ биелүүлдэггүй. Иргэдийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байршуулна. Цахилгаан болон авто замын дэд бүтэцтэй газар байгаа” гэв.