Вагнер группийн тэргүүн Евгений Пригожины сууж явсан хувийн онгоц Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт осолджээ.
Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин мөн Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ.
Гурван нисгэгч, долоон зорчигчтой онгоц өчигдөр Москвагаас Санкт-Петербург хотын чиглэлд нисэж яваад нийслэлээс хойд зүгт 100 км орчим зайд осолдсон байна.
Евгений Пригожин нь зургаадугаар сарын сүүлээр эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого гаргасан. Үүний дараа Пригожиний хувь заяа тун бүрхэг болсон юм. Өрнөдийн зарим шинжээчид түүнийг удахгүй алагдана гэж үзэж байсан юм. Онгоцны осол гадны халдлага байв уу гэдгийг албаныхан шалгаж байгаа аж.