Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс багш нарын цалинг нэм, нэмэхгүй бол аравдугаар сарын 5-нд буюу Дэлхийн багш нарын баярын өдөр ажил хаяна гэдгээ мэдэгдээд байсан билээ. Тэгвэл багш нар ажил хаялтаа хойшлуулжээ.
Тодруулбал, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос есдүгээр сарын 11-нд Боловсрол, Шинжлэх ухааны сайдад хэлэлцээрт суух мэдэгдэл, саналыг хүргүүлсэн. Тэгвэл мэдэгдлийн хариу болох албан бичиг МБҮЭХ-д энэ сарын 2-нд ирүүлсэн байна.
БШУЯ-аас ирүүлсэн хариуд “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал, тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан тул Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоодоос хамтын хэлэлцээнд орох хамтарсан төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн эргэн хариу ирүүлэхийг хүсье” гэжээ. Ингэснээр МБҮЭХ-оос Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохиролцон, хэлэлцээрт суух хамтарсан төлөөллийг сонгож чадвал Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлын талаар салбар яамтай хэлэлцээрт суух юм.
Эргэн сануулбал, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан МБҮЭХ-той хэлэлцээрийн ширээний ард суухгүй, цалин хөлсийг тэдний хүсч байгаачлан 1000 ам.долларт хүргэх боломжгүй. Энэ байр сууриндаа бат зогсоно гэдгээ мэдэгдээд байсан юм.