АН-ын удирдлагуудын талаар Баянзүрх дүүргийн АН-ын тэргүүлэгчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: ” Лу.Гантөмөр, С.Баярцогт нар АН-ын дунд шатны гишүүдтэйгээ ирж уулзаач ээ. Эсвэл ажил дээрээ ирээчээ. Хэрвээ дунд шатныхаа гишүүдтэй уулзахгүй, ажлаа хийхгүй гэж байгаа бол ажлаа хийж чаддаг хүнд нь өгөөд зайлаач ээ. АН-ын Дэд Даргаар сонгогдсон Ц.Жадамба гэдэг нөхөр Баянзүрх дүүргийг хариуцаж ажиллахаар болсон. Гэтэл энэ нөхөр Баянзүрх дүүргийн АН-ын үйл ажиллагааг самарч эхэлж байна. Тодруулбал АН-ын ХЭГ-ийн дарга Н.Лхагвадоржтой хамтарч хууль бус, дүрмийн бус томилгоо хийж, Баянзүрх дүүргийн ХЭГ-ийн даргаар нутгийнхаа дүүг томилсон. Иймээс Ц.Жадамбыг Баянзүрх дүүргийн АН-аас савраа тат гэж хэлье.
Баянзүрх дүүргийн АН-ын хороо 4-р сард хуралдаад, бүтэц бүрэлдэхүүнээ томилсон байдаг. Энэ шийдвэрийг АН-ын дарга Л.Гантөмөр ёсчлон батлах ёстой байсан боловч 6 сар энэ шийдвэрийг гаргахгүйгээр дунд шатны намын үйл ажиллагааг гацааж байгаа.
Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. АН-ын төв байран дээр маш олон аймаг, дүүргийн намын хорооны гишүүд очиж, суулт хийж байгаа боловч намын удирдлагууд уулзахгүй, ирэхгүй, зугтаад байна. АН-ын удирдлагууд дунд шатны намын хорооны шийдвэрийг баталгаажуулах л ёстой. Одоо явуулах гэж буй дотоод сонгууль дүрэм бус болох гэж байна. Мөн намын дүрэм зөрчиж, дунд шатны намын ХЭГ-ийн даргыг томилж байгаа АН-ын ХЭГ-ийн дарга Н.Лхагвадоржийг огцруулахыг шаардаж байна ” гэв.