Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжжээ. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийн тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд төлөвлөлтгүй барилга барьж байгааг хязгаарлана. “Натур” худалдааны төвийн орчимд төлөвлөлтгүй хороолол олон барьсныг Х.Нямбаатар дарга жишээ болгон ярив.
Тэрээр үргэлжлүүлэн “Одоо Яармаг мөн ийм болж байна. Дэнжийн мянгад мөн энэ алдааг давтаж болохгүй. Барилга эхлүүлэх 1500 зөвшөөрөл хэдийнэ олгожээ. Эдгээр зөвшөөрлийг царцаана. Хотын стандартын дагуу зөвшөөрөл олгодог болно. Учир нь эдгээр зөвшөөрлийг хэрэгжүүлбэл Улаанбаатар улам л чигжсэн хот болно.
Инженерийн шугам сүлжээтэй газруудад олон барилгыг ойр ойрхон барьж байна. Иймд хотын төвийн буюу Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохгүй. Харин Налайх, Багахангай, Багануур дүүрэгт газрыг үргэлжлүүлэн олгоно. Бид цаашид хотын захын хороололд эсвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу, аль болох нам барилга барих бол дэмжинэ” гэсэн юм.
Мөн хотын дарга газар олгодог эрхийг ч хязгаарлан, газар олгохыг зөвшөөрсөн нөхцөлийг цөөлөх болжээ.