Битүүн гэж нэрлэсэн нь битүүний өдөр хуучин оноо үдэн муу муухай бүхэн цаашаа дахин дурсахгүй болон давтахгүй гэсэн утгатай.
Ирэх жилдээ шинэ соргог, ариун цагаан, гэрэл гэгээтэй, өгөөжтэй элбэг дэлбэг амьдралыг бэлэгшээн шинэ оноо угтдаг байна. Энэ өдөр бүхий л хоол ундаа хийж, ширээгээ засан харуй бүрийгээр айл, гэр бүлээрээ цугларан хамтран бэлэг дэмбэрэлтэй сайн сайхан зүйлсийг хоорондоо хөөрөлдөн, ахмадууд үр хүүхдээ үлгэр, туульс ярихаас гадна шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, зэргээр тоглодог. Монголчууд ямар ч найр наадамд гэрийн хойморт өрхийн тэргүүн ахмад гишүүн суудлаа эзэлсэн байдаг. Ахмад настан зочдыг дээш нь хүндэтгэн суулгадаг. Битүүний орой бор идээнээс эхлэн зооглож цагаан идээгээр өндөрлөдөг. Учир нь бор идээ нь өнгөрсөн болон эрээн барааны эцэс төгсгөлийг төлөөлдөг, цагаан идээгээр дуусгавар болгодог нь шинэ ондоо бүхнийг шинээр цэвэр ариунаар эхлэх билэг тэмдэг болдог байна. Айраг сархдыг монголчууд өндөр настанд идээний дээж болгон ёслон хүндэтгэн барьдаг байсан бөгөөд \”40 хүрч дөнгөж амс” гэдэг үг байдаг тул 40-өөс доош насныхан сархад хэрэглэдэггүй ах зах хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг сайхан уламжлалтай. Битүүний өдөр цадталаа иднэ. Идсэн хүн \”за боллоо” гэж хэлдэггүй. Энэ нь ирэх ондоо өлсгөлөн өвчингүй орохын шинж болдог гэдэг. Харин ”сайхан байна, өнгөтэй байна” гэж бэлэгшээн хэлдэг байна.