Палестины Хамас зэвсэгт байгууллагыг бүрэн устгах зорилгоор Израилийн арми Бямба гарагт Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Хамасыг идэвхтэй дэмжиж буй Иран улсын ерөнхийлөгч энэ талаар Ням гарагт мэдэгдэл гаргажээ.
“Сионист дэглэмийн үйлдсэн гэмт хэрэг “улаан шугам”-ыг давсан нь бүгд тэдний эсрэг хөдлөхөд хүргэж болзошгүй боллоо. Вашингтон биднээс юу ч хийхгүй байхыг шаардаж буй мөртлөө өөрсдөө Израильд өргөн дэмжлэг үзүүлсээр байна. Израилийг эсэргүүцэгчдэд өгсөн анхааруулгынхаа тодорхой хариуг АНУ тулааны талбараас авч байна” гэж Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси өчигдөр X хуудсандаа бичсэн байна.
Өмнө нь Альжазира агентлагт өгсөн ярилцлагадаа тэр Хамас-Израилийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байх АНУ-ын анхааруулгыг үл хэрэгсэж буйгаа илэрхийлсэн юм.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын зэвсэгт хүчин Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн довтолсны улмаас Газын зурваст томоохон дайн дэгдээд байна.
Өнгөрсөн гурван долоо хоног гаруй хугацаанд Израилийн арми Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдсөн бөгөөд сүүлийн байдлаар энд амь үрэгдсэн палестин хүний тоо 8,000 давжээ.
Израилийн эрх баригчид барьцаалагдсан 200 гаруй иргэнээ аврах, Хамас байгууллагыг бүрмөсөн устгах зорилгоор саяхан хуурай замын цэргийн хүчээ Газын зурваст нэвтрүүлсэн юм.
Эх сурвалж: Aljazeera