RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг маргаашнаас эхлэн улс орон даяар тээврийн хэрэгсэлд нааж эхлэхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлээд байгаа билээ.
RFID цахим гэрчилгээ нь татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношлогоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг багтаасан тээврийн хэрэгслийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаад байна.
Засгийн газраас энэ системийн талаар дүгнэлт гаргах үүргийг Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учралд өгсөн байна.
Энэ талаар тэрээр “RFID-ийн талаар дүгнэлт гаргах ажлыг надад хариуцуулсан. Би RFID бол энэ цаг үед тохирсон шийдэл биш гэж үзэж байгаа.
Камержуулах гэж байгаа бол RFID бол хоцрогдсон шийдэл.
Зөрчил, торгуулиа шийдэж чадахгүй байж яаж RFID-аар машин бүртгэх юм бэ, энэ боломжгүй” хэмээн энэ ажлыг цаг үеэ олоогүй гэж үзэж буйгаа байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийллээ.